Өмчийн алба нь анх Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 1999 оны 56 дугаар тогтоолоор байгуулагдсан. Орхон аймгийн Өмчийн алба нь 21 аймгуудаас орон нутагт байгуулагдсан өмчийн анхны нэгж бөгөөд дарга, 2 мэргэжилтний орон тоотойгоор үүсгэн байгуулагдаж өмч хөрөнгө бүртгэх, эзэмших, ашиглах, захиран зарцуулах үүнтэй холбоотой бүхий л харилцааг зохицуулах чиг үүрэгтэй үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд 2012 оноос Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2011 оны 135 дугаар тогтоол, Аймгийн Засаг даргын 2012 оны 01 дүгээр захирамжаар Өмчийн албыг Өмчийн харилцааны газар болгон өөрчилсөн.
Худалдан авах ажиллагааны алба нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.2 дахь заалт, Засгийн газрын 2012 оны 144 дүгээр тогтоолын дагуу 5 хүний бүтэц орон тоотой байгуулагдаж Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, тайлагнах, тендерт оролцогч нарт сургалт зохион байгуулах ажлыг хэрэгжүүлж ирсэн. Тус алба нь 2013 оноос эхлэн орон нутагт цахим тендер шалгаруулалтыг анх удаа амжилттай зохион байгуулсан аймаг, мөн Сангийн яамны худалдан авах ажиллагааны хэрэгжилтэд өгдөг үнэлгээгээр 2013 оноос эхлэн Улсад тэргүүлж, 2014, 2015, 2016 онуудад Орхон аймгийн төр захиргааны “Шилдэг байгууллага”-аар шалгарсан.
Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 09 дүгээр тогтоолоор Өмчийн харилцааны газар болон Худалдан авах ажиллагааны албыг нэгтгэн ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ГАЗАР байгуулагдан өмчийн харилцаа болон худалдан авах ажиллагааны чиг үүргийг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд 2023 оныг дуустал хэрэгжүүлэн ажиллаж байсан.
Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 312 дугаар тогтоолоор Орон нутгийн өмчийн газраас Худалдан авах ажиллагааны газрыг шилжүүлэн байгуулах шийдвэр гарсны дагуу шинэ бүтэц орон тоотойгоор ажиллаж байна.